Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь. Тиймээс бүсгүй та аль үнэтэй, сайн гэсэн гоо сайхны салоноор үйлчлүүлж, бүтээгдэхүүн авч хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа бол цус, шээсэндээ шинжилгээ хийлгэж, дотор эрхтэн, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороорой. Хүний эд эс бүхэн амьтай, хоорондоо маш нарийн холбоотой учраас сайхан арьстай болохын тулд эрүүл байх нь юу юунаас чухал. Зарим тохиолдолд, буруу хооллолтоос үүдэлтэй элдэв бактерын хэмжээ нэмэгдсэнээс хүний бие дэх бодисын солилцоо алдагдаж, арьс гунддаг байна. Энэ бүхнийг цаг алдалгүй мэдэж эмчилснээр бүсгүй таны арьс гэрэлтэнэ.
Харин нарийн шинжилгээгээр дотор эрхтний ямар нэг өөрчлөлт илрээгүй бол “ТА АРЬСАА БУРУУ АРЧИЛЖ БАЙНА” гэсэн ганцхан дүгнэлт гарч байна. Энэ тохиолдолд бидний зөвлөгөө бодит үр дүн үзүүлэх нь гарцаагүй.
Эрүүл арьстай болох 2 дахь алхам...
Нэгэнт та хуучин зуршлаасаа бүрэн салах гэж байгаа учраас цоо шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахаас ажлаа эхэлье. “Ямар ч бүтээгдэхүүн нэмэр болохгүй шүү дээ” гэж эсэргүүцэхээсээ өмнө юу хэрэгтэйг бичээд аваарай.
Та тослог, хуурай, холимог ямар ч арьстай байсан хамаагүй зөвхөн ХЭТ МЭДРЭМТГИЙ ЭМЗЭГ арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгааны иж бүрдэл худалдаж авна. Мэдээж, баталгаатай, найдвартай газраас үйлдвэрлэсэн он, сар, хадгалах хугацааг нь сайн харж аваарай. Хэт мэдрэмтгий эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн нь үйлчлэл багатай, таны арьсанд ямар ч харшил өгөхгүй гэсэн үг.
Дараагийн худалдаж авах бүтээгдэхүүн бол НАРНААС ХАМГААЛАХ ТОС. Мэдрэмтгий, эмзэг арьсанд зориулсныг авбал мэдээж сайн. Гэхдээ олдохгүй бол өөрийнхөө арьсанд таарахыг нь сонгоорой. 30%, 50% гээд олон сонголттой байдаг. Өндөр хувьтай байх тусмаа таны арьсыг илүү хамгаална. Гол нь баталгаатай, чанартайг нь сонгох чухал.
Мөн танд будаг шингээх үйлчилгээтэй шүршдэг чийгшүүлэгч хэрэгтэй. Хямдхан бүтээгдэхүүн арьсыг улам муухай болгож мэдэх учраас мөн адил чанартайг аваарай. Одоо будагнаас салцгаая!
Эрүүл арьстай болох 3 дахь алхам...
... Ямар ч будаггүй таны арьс... Олон удаа угааснаас улайж холцруутаад, батганууд нь улам ч тодорсон юм шиг харагдаж байна уу? Зөвхөн тослог арьстнуудад батга гардаггүй, хэт хуурайшилт ч батга “үржүүлдэг”-ийг та мэдэх хэрэгтэй.
Одоо таны нүдэнд харагдаж байгаа элдэв өө сэв хэдхэн хоногийн дараа ор мөргүй арилна. Эрүүл толигор, гэрэлтсэн царайтай болохын төлөө хамтдаа хичээцгээе!
Эрүүл арьстай болох 4 дэх алхам...
Мэдээж, ЗОВХИНЫ ТОС-оо мартаж болохгүй. Таны худалдаж авсан иж бүрдэлд зовхины тосыг өдөр, шөнийн гэж тусад нь ангилж ялгаагүй бол байгааг нь түрхэхэд хангалттай. Ингээд бүсгүй таны шөнийн будалт дууслаа.
Эрүүл арьстай болох 5 дахь алхам...
Харин орой унтахаасаа 2 цагийн өмнө шингэн хүнснээс татгалзахыг зөвлөе. Учир нь оройтож уусан шингэн бөөрөнд хэт ачаалал өгч, улмаар та тав тухтай, бат бөх унтаж чаддаггүй. Нойр муутай байх нь арьс гундахын бас нэг шалтгаан гэдгийг эрхэм бүсгүй та мэдэх байх. Таны бөөрийг шөнөжин “дарамталсан” шингэн бүх биеэр тань тархаж, өглөө босоход таны нүүр хавдаж хавагнадаг. Өдөр нүүрний хаван буухад арьс тань үрчийдэг байна.
Тиймээс дээрх зөвлөгөөг бага гэж бодолтой хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Унтахаасаа өмнө цэвэршүүлсэн, эсвэл буцалгаж хөргөсөн ус жижиг саванд хийгээд, хөлдөөгчинд тавьчихаарай. Өглөө хэрэг болно.
Орой 22 цагаас хэтрэлгүй унтаж занш. Ямар ч их ажилтай байсан эмэгтэй хүн эрт унтаж, арьсаа амраах хэрэгтэй. Харин сэрэх цагаа хэчнээн л бол хэчнээнээр урагшлуулж болно.
Хүн биологийн амьтан учраас био хэмнэлээ даган, орой эрт унтаж, өглөө эрт босвол, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байдаг. Гэхдээ амралтын өдрүүдээр илүү сайн унтаж байгаарай. Унтах тусам бүсгүй таны арьс амарч, өнгөлөг харагдана. Гэхдээ шөнийн 1-2 цаг хүртэл шоудчихаад, үд болж байхад босвол, арьс өнгөлөг болох биш харин ч био хэмнэл алдагдаад, ядарч сульддагийг мэдэх хэрэгтэй. Ажил амралтаа зохицуулах нь арьс сайхан байхад хамгийн их нөлөөлдгийг мартаж болохгүй ээ.
Эрүүл арьстай болох 6 дахь алхам...
Сайхан амарсан арьсаа хэсэг зуур тайван байлга. Өглөө босмогцоо нэг аяга хүйтэн цэвэр ус ууж, ор дэрээ хурааж, хувцсаа янзлах зэрэг ойр зуурын ажлаа амжуулаарай. Ингээд 10 минут орчмын дараа халуун бүлээн ус, сүү гээд өөрийнхөө дуртай өглөөний цайг тайван уучихаад, арьсандаа анхаарал тавина.
Таны арьс бүрэн амарсан байгаа. Одоо та хөргөгчөөсөө өнөөх “хөлдөөсөн ус” МӨСӨӨ гаргаж ирээд, нүүрээ шугамын дагуу зөөлөн арчина. Хага ташиж байсан ч зүгээр. Таны арьс өнгөлөг толигор болоход энэ мөс юу юунаас илүү тустай.
Нүүрнийхээ арьсыг бүрэн арчиж дуусаад, хүйтэн ус арьсанд тань шингэн ортол хүлээ, арчих хэрэггүй. Арьс өөрөө хатсаны дараа буцалсан бүлээн усаар булхаад, зөөлөн дарж арч.
Дараа нь шууд чийгшүүлэгч түрхээрэй. Нүхнүүд нь бүрэн цэвэрлэгдэж, амраад, хүйтэн мөсний тусламжтайгаар эргэн сэргэж чангарсан таны арьс чийгшлийг маш сайн мэдэрч, хүлээж авна.
Чийгшүүлэгч бүрэн шингэтэл 5-10 минут хүлээгээд, өглөөний суурь тос, зовхины тосоо түрхэнэ. Эдгээр нь бүхэлдээ таны шинээр худалдаж авсан ХЭТ МЭДРЭМТГИЙ ЭМЗЭГ арьсны иж бүрдэлд байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Тоснууд бүрэн шингэсний дараа мөн л шинээр худалдаж авсан НАРНААС ХАМГААЛАХ ТОС-оо нимгэн түрхээд, шингэхийг нь хүлээнэ. Хэт гялалзаж, гялтганаад, тоос шороо тогтохоор харагдвал, зориулалтын шингээгч эсвэл амны цаасаар зөөлөн дарж, илүүдлийг нь авна. Арьсаа эмчлэхээр шийдсэн таны будалт ингээд л дуусаа...
Эрүүл арьстай болох 7 дахь алхам...
Жинхэнэ эрүүл арьстай болохын тулд өнөө маргаашдаа бусдын нүдэнд өөтэй харагдахыг тэвчих л хэрэгтэй. Бүр аргагүй бол, нүдэндээ энгэсэг түрхэж, сормуусаа дэрвийлгэ. Хөмсөгнийхөө хэлбэрийг сайжруулж, цэвэрхэн тодруулаад, уруулаа гялалзуулагчаар өнгөл. Энэ бүхний дараа ч арьсандаа санаа зовж байгаа бол гоёмсог хар нүдний шил зүүгээд, гараад өг. Нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулчихвал таны өө сэвийг хэн ч анзаарахгүй ээ. Хэдхэн хоногийн дараа та жинхэнэ эрүүл толигор арьстай болно гэдгээ битгий март!
НАРНААС ХАМГААЛАХ ТОС гэсэн цорын ганц “хамгаалагч”-тай гудамжинд гарч байгаа таны арьс эхний хэд хоног хорсож улайж, урьдахаасаа ч дордож мэднэ. Гэвч, та сэтгэлээр уналгүй үдэш бүр арьсаа зааврын дагуу цэвэрлэж, чийгшүүлээд, өглөө бүр бидний дээр өгсөн зөвлөгөөг дагавал “ИНЭЭМСЭГЛЭЛ” ойрхон байна.
Ажлын цагаар нүүрэнд тань элдэв шороо тортог наалдчихсан юм шиг санагдвал амны цаасаар зөөлөн дарж арчаарай. Халууцаж, даарахаараа улайгаад салахгүй бол цацдаг чийгшүүлэгчээ зөөлөн шүршихэд хангалттай. Ер нь ийм чийгшүүлэгч таны байнгын хэрэглээ учраас цүнхэндээ авч явахаа битгий мартаарай.
Чийгшүүлэгчээ өдөрт хэдэн ч удаа шүршиж болно. Манайх шиг эрс тэс, хуурай уур амьсгалтай оронд цэцэг ус нэхдэг шиг бүсгүй таны арьс чийгэнд “дурладаг”.
Ажил, дэлгүүр, үйлчилгээний газар гээд хаа сайгүй харагдах толинд хальтхан харах мөчид хамаг өө нь ил гарсан царайнаасаа ичих шиг санагдаж мэднэ. Гэхдээ хэчнээн муухай санагдсан ч, нэмж будалгүй тэвч.
...Гэртээ ирлээ ...Хэнээс ч өөгөө нуугаагүй энэ царай өдрөөс өдөрт шингэрч байгааг бүсгүй та мэдэрнэ. Сүүн шингэнээр нүүрээ цэвэрлээд, бүлээн усаар сайтар булхаарай. Одоо таны нүүрэнд олон давхар будаг байхгүй учраас гуужуулагч хэрэглэх шаардлагагүй. Харин эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан хөөсөн цэвэрлэгчийг 7-10 хоногт нэг удаа хэрэглэхэд хангалттай. Шөнийн чийгшүүлэгч, зовхины тос, шөнийн тосоо өдөр бүр түрхэж заншаарай.
Эрүүл арьс - ИНЭЭМСЭГЛЭЛ...
Энэ бүхнийг зөв хооллолт, ажил амралтаа зохицуулах арга ухаантай хослуулбал, бүсгүй таны царай үргэлж гэрэлтэх нь гарцаагүй ээ.
Өлчир чийрэг арьстай, өнгөлөг толигор царайтай, өдөр бүр жаргалтай инээмсэглэх ӨӨДРӨГ БҮСГҮЙ нь та байг ээ!
No comments:
Post a Comment